Ш.Гүрбазар – Үртэй хүний сэтгэл
Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний л эцэг болохоороо өөр юм байна лээ
Бүрий хөл үдшээр бүүвэй аялдаг боллоо
Айдсыг нь аргадах гэж дуугаа зөөллөж
Аясахын шөнөөр үлгэр хүртэл зохиож үзсэн шүү
Туурган цаана уйлвал айсан чихэнд дуу нь чанга
Торгон дээр бүдэрлээч түгшсэн сэтгэлд эд нь хатуу
Уйлах инээх хоёрт нь санаа зөөлөрч
Унаган сэвлэгий нь үнсэхэд самсаа нялхармаар
Жамыг дагаад өснө гэж бодхоос
Жаахан бүлээрхвэл зовлон санах нь илүү
Заяа түшээд торнино гэж бодохоос
Жаргалд эргэлзсэн нулимсанд нь уйдах нь илүү
Үртэй хүний сэтгэл гэдэг
Үүрд шувуухай тэнгэрт бүдрэх вий гэж эмээдэг юм байна лээ
Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний эцэг болохоороо өөр юм байна лээ
Амь хайр хоёр шингэсэн үрийнхээ тухай залбирч
Аав ээж хоёрынхоо өмнө би мөргөлчин боллоо