Ш.Гүрбазар – Дэлгэрмаа эгч

Дэврүүхэн бага насны сониуч гэнэхэн ухаанд
Дэлгэрмаа эгчийг хайрлах сэтгэл багтдаг байсан
Дэнжийн ногоо тасдаж хөл нүцгэн дэгдсэн
Дэнгийн эрвээхэй шиг насны минь
Дан цамцтай мөрөөдөл
Өглөө үдшийн сэрүүнд үнээ ивэлгэж суухад нь
Өөрөө ч дийлэлгүй гудчуулан тугал татаж зогсохдоо
Долгор ажаагийн аргалыг түүх дуртай байдаг шиг
Домбон цагаан ёотон горьдож зогсдоггүй байсан
Ийм л эгчтэй болохсон гэж үе үехэн санаашрахад
Ивэлж гүйцсэн үнээний тугалыг татахаа мартдагсан
Сайхан зантай эгчийнхээ дэргэд нь байхыг мөрөөсөхөд
Саалийн жаран үнээ цөөхөн юм шиг чамлагддагсаан
Агтлах тугалын сэдчээнд гуд татуулан сөгжиж
Арав хүрээгүй нас минь тугалын тамиргүй хэрнээ
Ардаг морин дээр хөндөлсөн саахалтын ганган санзайгаас
Алаг нүдэн эгчийгээ харамлахын тэнхээтэй явсан
Энгэр дэлгэсэн эцгийнхээ элгэнд наалдан сууж
Эрлийн хүний яарьсан үлгэр сонсон хөгжихөд
Туурга нэвт уяатай гэрэлт төгс хат нь
Тулган дундаа үзэхшиг манай хотыхон баясахад
Зүйл зүйлийн юмыг зүүдэн дотроо амилуулж
Зөн бэлэгтэй үлгэрийн баатар нь болдог хэрнээ
Гэр нэвт гэгээтэй ч Дэлгэр эгчийг минь гүйцэхгүй гэж
Гэрэлт төгс хатныг үлгэрийх гэлгүй голдогсон
Дэлгэр хэтийн наадамчид хөтөл даван одоход
Дэмий л би хойноос нь санаа алдаж зогсож
Эмнэгийн булгианд хазайдаггүй ханхар эр болчихоод
Эгчийг дагуулан тэгээд наадамд явмаар бодогддогсон
Эндээс явахдаа өмссөн хүрэн торгон дээл нь
Эмээлийн бүрэг нугларч хормой нь жоохон үрчийсэн
Замын сайвар борлогонд хондлой даван хөлөрч
Задгай гүйдэлд алхаандаа толгой хаялан дүүхэлзсээр
Холбоон дээр байсан ижийтэй минь үдэлж
Хорлоо эгчтэй хоёулаа уяан дээр ирээд буухад нь
Гурав хоноод ирсэн ч аянд явсан юм шиг санаж
Ганган Санзайтай хамт ирээгүйд нь баяралдагсаан
Аавынхаа өврөөс гараагүй хонгорхон бага насандаа
Айлынхаа хөөрхөн эгчид битүү санааширч явсан минь
Дэгэж дэрэвсэн насандаа сайхны хажууд эрэгцэж
Дэндүү уяханы өмнө хүн шиг гуньж эхэлснийх юм болов уу
Дэврүүхэн бага насны сониуч гэнэхэн ухаанд
Дэлгэрмаа эгчийг хайрлах сэтгэл багтдаг байсан юм

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.